Асуулт хариулт
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл 
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байдаг. 
     
  • “Шүүхийн шийдвэр” гэдэгт эрх зүйн маргаан, захиргааны хэрэг болон эрүүгийн хэргийн хохирол төлбөрийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, шийтгэх буюу цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, Монгол улсын Олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын арбитрын байгууллагын шийдвэр, шүүхээр баталгаажуулсан нотариатчийн мэдэгдэх хуудас, арбитрын шийдвэр, торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан болон хөрөнгө гаргуулах заалт, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар эрх шилжүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хамааруулан үзнэ. 
     
  • Дээр дурдсан шийдвэрүүд, тэдгээрт үндэслэн олгогдсон гүйцэтгэх хуудсыг нэгтгэн “Гүйцэтгэх баримт бичиг” гэж нэрлэдэг. 
     
2. Гүйцэтгэх баримт бичиг 
 
Гүйцэтгэх баримт бичигт дараах баримт бичиг багтана: 
  1. Иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, түүний дотор эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас;
  2. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын арбитрын байгууллагын шийдвэр, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас,
  3. Шүүхээр баталгаажуулсан нотариатчийн мэдэгдэх хуудас, арбитрын шийдвэр, захиргааны шийтгэвэр, тэдгээрийн үндсэн дээр шүүхээс олгосон гүйцэтгэх хуудас,
  4. Эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоолын торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан болон эд хөрөнгө, зардал гаргуулах, хохирол төлүүлэх заалт, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас,
  5. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар эрх шилжүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр,
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно.
 
Гүйцэтгэх баримт бичиг үрэгдсэн тохиолдолд түүнийг дахин олгуулахаар ИХШХШТ хуулийн 188-р зүйлд заасны дагуу шүүхэд хандана. 

 
3. Гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлага
 
Гүйцэтгэх баримт бичигт дараах зүйлийг заана: 
  1. Гүйцэтгэх баримт бичгийг олгосон шүүх, бусад байгууллагын нэр,
  2. Шүүх, бусад байгууллагаас шийдвэр гаргасан огноо, дугаар
  3. Тухайн гүйцэтгэх баримт бичгийг олгосон үндэслэл,
  4. Төлбөр авагч-хуулийн этгээд болон төлбөр төлөгч-хуулийн этгээдийн оноосон нэр, үйл ажиллагаа явуулж буй газрын хаяг, төлбөр авагч-иргэн, төлбөр төлөгч-иргэний овог, эцгийн нэр, оршин суугаа газрын болон ажлын газрын хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх, регистрийн дугаар,
  5. Төлбөр авагчид олговол зохих төлбөрийн төрөл, хэмжээ,
  6. Шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хүчин төгөлдөр болсон хугацаа,
Дээрх шаардлагыг хангаагүй гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авахгүй бөгөөд ахлах гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор тогтоол гарган шийдвэр гаргасан шүүхэд, эсхүл гүйцэтгэх баримт бичгийг ирүүлсэн бусад байгууллагад буцаана.
 
Уг тогтоолд баримт бичгийг буцаасан шалтгааныг заана. 

 
4. Гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авах 
  • Төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан, шийдвэрийг даруй биелүүлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана.
     
  • Төлбөрийг улсын төсвийн орлогод оруулах, бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх, төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан зэрэг тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шууд олгож болно.
     
  • Төлбөр авагч шүүхийн шийдвэр /тогтоол, захирамж/-ийг гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн хамт шийдвэр гүйцэтгэх албанд биеэр авчирч өгнө. 
     
  • Гүйцэтгэх баримт бичиг, хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны бичиг хэрэгт /204 тоот/ долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гаригуудад хүлээн авна. 
     
  • Гүйцэтгэх баримт бичигт ахлах гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажилланааны хувийн хэрэг нээж, хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.
     
5. Хүсэлт бичих загвар 
 
НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТ
 
2018.02.22 ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ:
 
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2089 дүгээр шийдвэрээр Найманжавын Батаагаас төлбөрийн 5’000’000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 35’100 төгрөг, нийт 5’035’100 төгрөгийг гаргуулж Б.Цэцэгжаргалд олгохоор шийдвэрлэсэн. 
Шүүхийн шийдвэр гарсанаас хойш төлбөр төлөгч Н.Батаа нь төлбөрөөс 2’000’000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 3’035’100 төгрөгийг төлж барагдуулахгүй байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр авагч миний төлбөрийг барагдуулж өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалын гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй болно.
 
Хүсэлт гаргасан:
 
Төлбөр авагч: Б.Цэцэгжаргал
Регистрийн дугаар: ЗП87072112
Гэрийн хаяг: БГД, 6-р хороо, 35-2-66 тоот
Утас:. .............................
Гарын үсэг:
 
Төлбөр төлөгч: Н.Батаа,
Регистрийн дугаар: ..............................
Холбогдох утас:..............................., Хаяг: ..............................
 
Жич: Ах ахуйн нэгж байгууллага нь хүсэлт гаргахдаа байгууллагын албан бланк дээр бичиж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарсан байна.

 
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх
 
Ахлах гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг шаардлага хангасан гэж үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан өдрөө хойш 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүх бусад байгууллагад гомдол гаргахгүй. 

 
7. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хугацаа
  • Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг орон нутгийн цагаар 06.00 цагаас 22.00 цагийн хооронд явуулах ба тодорхой цагийг шийдвэр гүйцэтгэгч өөрөө тогтооно. 
  • Ажлын бус өдөр, эсхүл орон нутгийн цагаар 22.00 цагаас 06.00 цагийн хооронд явуулах шаардлагатай бол ахлах гүйцэтгэгчээс зөвшөөрөл авч ажиллагааг явуулсан тэмдэглэлд энэ тухай тусгана. Хойшлуулшгүй нөхцөл байдлын улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тохиолдолд 24 цагийн дотор ахлах гүйцэтгэгчид мэдэгдэнэ. 
     
8.Төлбөр төлөгч
 
Төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ. 

 
9. Төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах онцлог
  • Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болон түүний банк, банк бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө бусад хөрөнгөнөөс гаргуулна. 
     
  • Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөр өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол хүсэлтийг харгалзан үзэж болно. 
     
  • Эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, ББСБ дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна. 
     
  • Төлбөр төлөгч мөнгөн болон үнэт эд зүйл байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусад эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна.
     
  • Эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна. 
     
10. Төлбөр гаргуулж болохгүй эд хөрөнгө
 
Төлбөр төлөгч-иргэний зайлшгүй хэрэгцээт дараах эд хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй. 
  1. Зайлшгүй хэрэгцээт хоол, хүнс, гал тогооны хэрэгсэл
  2. Төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал нэг бүрийн нэг ээлжийн хувцас
  3. Хүйтний улиралд хэрэглэх түлээ, түлш
  4. Мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг бол амьжиргааны наад захын хэрэгцээг хангах тооны мал, тариалах үр
  5. Төлбөр төлөгч-иргэн мэргэжлийнхээ ажил, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд юмс
     
11. Төлбөр гаргуулж болохгүй орлого
 
Төлбөр төлөгч-иргэний дараах орлогоос төлбөр гаргуулж болохгүй. 
  1. Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн аюул, онцгой нөхцөл байдлын улмаас үзүүлж буй тусламж, хандив
  2. Илүү цагийн хөлс, нэг удаагийн урамшил, ажлаас халагдсаны тэтгэмж
  3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгож байгаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсэний болон амаржсаны тэтгэмж
  4. Донор болон эхийн сүүнд олгож буй нөхөн олговрын мөнгө
  5. Нэмэгдэл хоол, амралт, сувиллын эмчилгээ, хиймэл эрхтэн хийлгэхэд зориулан олгосон зардал, 
  6. Тахир дутуугийн тэтгэвэр
  7. Хүүхдийн тэтгэлэгийн мөнгө
     
12. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах онцлог
  • Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн банк, ББСБ дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдэлийг шийдвэр гүйцэтгэгч банк, ББСБ-д хүргүүлэх бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага нь төлбөр төлөгчийн данснаас төлбөрийг гаргаж 3 хоногийн дотор авагчид олгох буюу шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлнэ.
  • Төсөвт байгууллагын дансанд байгаа мөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй бол түүнийг санхүүжүүлдэг байгууллагад төлбөрийг гаргуулах мэдэгдлийг хүргүүлэх буюу дараагийн төсөвт нэмж тусгахыг шаардана.
  • Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх явцад бэлнээр хадгалагдаж байгаа мөнгөн хөрөнгө илэрвэл түүнийг хураан авна.
  • Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс хассан буюу гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгө хаана, юунд ашиглагдаж байгаа нь үл хамаарна. 
     
13. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал
  • Төлбөр төлөгч нь иргэн бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. 
  • Төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний ажил хэргээ байнга явуулдаг,эсхүл удирдах байгууллага нь байгаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. 
  • Төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар нь мэдэгдэхгүй бол түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. 
  • Тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэхээр хариуцагчид даалгасан шийдвэрийг уг үйл ажиллагааг гүйцэтгэх этгээдийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. 
  • Бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг төлбөр төлөгч, төлбөр авагчийн алины нь ч оршин суугаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэж болно. 
  • Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн төлбөр төлөгчид холбогдох шийдвэрийг төлбөр авагчийн саналаар төлбөр төлөгчдийн аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. 
  • Гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой шийдвэрийг төлбөр авагчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл төлбөр төлөгчийн эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. 
  • Тэжээн тэтгэхтэй холбогдсон шүүхийн шийдвэрийг төлбөр авагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ 
     
14. Шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг заавал биелүүлэх 
  • Шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ. 
  • Шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн, энэ зорилгоор хуурамч гэрээ хийж эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, нуун дарагдуулсан, битүүмжилсэн эд хөрөнгийг санаатайгаар үрэгдүүлсэн, төлбөр төлөгчийн хөдөлмөрийн хөлс,цалин, орлогоос суутгал хийгээгүй буюу дутуу суутгасан, эсхүл суутгасан мөнгийг хуульд заасан хугацаанд олгоогүй буюу шилжүүлээгүй, төлбөр төлөгчийг ажлаас халагдсаныг мэдэгдээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хууль тогтоомжид заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ. 
     
15. Шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрх
  • Гүйцэтгэх баримт бичиг нь тодорхой бус байгаа тохиолдолд түүнийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргах; төлбөр төлөгч хуулийн этгээд, төлбөр төлөгч-иргэний, эсхүл бусад этгээдийн орон байр, агуулахад нэвтрэн орох, биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх; эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах, хураах, нуугдмал хөрөнгө илрүүлэх, хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах; банк, банкны бус санхүүгийн байгууллагад хадгалагдаж байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлийг битүүмжлэх; харилцах данснаас хасалт хийх, цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийх, бусдад байгаа өмч хөрөнгөөс төлбөр гаргуулах, шийдвэр гүйцэтгэхтэй холбогдуулан иргэн, албан тушаалтныг дуудан ирүүлэх; холбогдох иргэн, байгууллага, албан тушаалтнаас баримт, тайлбар, танилцуулга гаргуулан авах; шийдвэр гүйцэтгэх явцад эрүүгийн хэргийн шинж бүхий баримт илэрвэл холбогдох байгууллагад мэдэгдэх; шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар талуудаас гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;
  • Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй.
  • Шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ.
  • Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан, дуудсан хугацаанд ирээгүй, эд хөрөнгийн мэдүүлгээ санаатай буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, битүүмжилсэн болон хураасан эд хөрөнгийг үрэгдүүлсэн, нуусан, бусдад шилжүүлсэн, шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбогдуулж шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэсэн бол Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
 

Дээшээ