Түүхэн замнал
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үүсэл хөгжил шүүхийн байгууллагын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Шүүн таслах ажиллагааны шууд үргэлжлэл болох шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үйл ажиллагааг нэгэн үед түүний бүтцэд хамаардаг тодорхой албан тушаалтан, хожмоо хуулийн хэллэгээр тогтоол гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч эрхлэж гүйцэтгэдэг болсон байна. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь өөрийн харьяаллаа түүхэндээ 4 удаа өөрчилсөн байна.
 
Анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1926 оны 4-р сарын 16-ны өдөр баталсан "Аливаа шүүх газруудын дүрэм"-ийн дагуу Нийслэл хотын шүүн таслах байгууллагыг зохион байгуулжээ. Мөн 1930 онд нийслэл хотын шүүн таслах байгууллагыг Улаанбаатар хотын шүүх хэсэгтэйгээр шинэчлэн байгуулж шүүхийн тогтоол гүйцэтгэх үйл ажиллагааг шүүгч, нарийн бичгийн дарга 1953 он хүртэл гүйцэтгэн явуулж байсан ба 1953 оноос Улаанбаатар хотын шүүхэд тогтоол гүйцэтгэгч гэсэн орон тоотой болсон байна.
 
Энэ үед тогтоол гүйцэтгэлийн ажлыг Нийслэлийн шүүхэд тамгын хэлтэс удирдан зохион байгуулж тамгын хэлтсийн дэргэд тогтоол гүйцэтгэлийн тасаг өдөр дутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж 6 дүүрэгт 2-3 тогтоол гүйцэтгэгч, 1 ахлах тогтоол гүйцэтгэгчтэй хэсэг үйл ажиллагаа явуулж байсан.
 
Эдүгээ үйл ажиллагаа явуулж буй Шийдвэр гүйцэтгэх алба нь 1996 оны 10-р сарын 31-ны өдрийн Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон 1996 оны 11-р сарын 15-ны өдрийн Шүүхийн Шийдвэр Биелүүлэх тухай хуулиар Шүүхийн шийдвэр биелүүлэх асуудал Хорих байгууллагыг удирдах газартай нэгдэж, Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий Газарт шилжснээр Шийдвэр Биелүүлэх Нийслэлийн хэлтэс болон зохион байгуулагдсан билээ.
 
Тус хэлтэс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа аж ахуйн нэгж байгууллагын, иргэд хоорондын, эрүүгийн, хүүхдийн тэтгэвэр хариуцсан хэсэг болон захиргаа гэсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 1998 оноос дүүрэг тус бүрээр харъяалал тогтоон ажиллах болжээ.
 
Монгол улсын Хууль зүйн сайдын 1997 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 184 тоот тушаалаар Шийдвэр биелүүлэх Нийслэлийн хэлтсийг Нийслэлийн шийдвэр биелүүлэх алба болгон өөрчилсөн ба 2002 оны 09-р сарын 01 ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулиар тус албыг Нийслэлийн  Шийдвэр Гүйцэтгэх Алба нэртэйгээр өөрчилсөн байна.
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 10-р сарын 04-ний өдрийн Б/1204 тоот тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болгон бүтэц зохион байгуулалтаар өөрчлөгдсөн.
 
Тус алба үүсэн байгууллагдсанаас хойш Албаны даргаар Хурандаа Бандижавын ДАШЦЭРЭН /1997-1998 он/, Дамбын ГАЛСАНПУНЦАГ /1998-1999 он/, Цоодолын МӨНХЖАРГАЛ /1999-2000 он/, Дулмаагийн ЭРДЭНЭСҮХ /2000 он/, Даваанямын ДАВАА-ОЧИР /2000-2008 он/, Гэсэржавын ГАНБОЛД /2008-2009 он/, Дамдинсүрэнгийн ДАМДИНЦЭРЭН/2009-2010 он/,  Дашнямын ГАНБАТ /2010-2012 он/, Энхээгийн БАТБАЯР /2012-2015 он/,  Түмээгийн ЭНХБАТ /2015-2016 он/, Жавхлантын НАРАНБААТАР /2016-2017 он/ нар тус тус  ажиллаж байсан.