Шүүхийн шийдвэрт харьцуулсан шинжилгээ хийхийг урьж байна

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд зарлаж буй шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх тэтгэлэгт төслийн ээлжит шалгаруулалтад эрх зүйч, хуульч, судлаачдыг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэхүү тэтгэлгийн төсөл нь шүүхийн шийдвэрийн санг ашиглан дүн шинжилгээ хийх замаар шийдвэрийн ил тод байдал, чанарыг сайжруулах, хуулийн хэрэглээг нэг мөр болгоход хувь нэмэр оруулах, улмаар судалгааны чадавхыг бэхжүүлэх  зорилготой.        

 

ННФ нь шалгарсан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэтгэлэг хэлбэрээр олгож, судлаачдыг харилцан туршлага, арга зүй солилцох боломжоор хангах, судалгааны дүнг нийтэлж нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлнэ.

Сонирхсон судлаач, судлаачдын баг, судалгааны байгууллага нь шүүхэд маргаан шийдвэрлэх явцад хууль хэрэглээний хувьд маргаан дагуулдаг, цаашид шүүхийн шийдвэрийн хувьд сайжруулах шаардлагатай, дүн шинжилгээ хийснээр шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үзсэн хэрэг, маргааныг шүүхэд шийдвэрлэсэн байдлыг дотоод, гадаадын практиктай харьцуулан шинжилгээ хийх судалгааны төслийн саналаа ирүүлнэ үү. Төслийн санал боловсруулах маягтыг ННФ-ын цахим хуудаснаас авна уу

Төсөл ирүүлэх судлаач нь дараах шалгуурыг хангаж буйгаа батлах өөрийн намтар, бүтээлийн жагсаалтыг төслийн саналд хавсаргана.

  • Эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш цолтой байх
  • Эрх зүйн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх,
  • Тайлан, дүн шинжилгээний мөрөөр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байх
  • Аливаа хэлбэрийн сонирхлын зөрчилгүй байх 

Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2020 оны 4 сарын 6-ны Даваа гарагийн 18 цагаас өмнө  fellowship@forum.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Хэвлэмэл төсөл хүлээн авахгүйг анхаарна уу. 

2020 оны 3 сарын 20-ны Баасан гарагийн 15.00 цагаас Нээлттэй Нийгэм Форумын  @OpenSocietyForum фейсбүүк хуудсаар явагдах LIVE хэлэлцүүлэгт холбогдож төслийн уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, асууж тодруулах боломжтой. Оролцогчдын тэгш боломжийг хангах үүднээс өөр бусад хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүй болохыг анхаарна уу. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...