Шийдвэр гүйцэтгэгчид сургалтанд хамрагдаж байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх”-төслийг 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэлжээ.
 Шүүхийн шийдвэрийг цаг тухайд нь, мэргэжлийн өндөр түвшинд, үр дүнтэйгээр гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, шүүх эрх мэдлийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад итгэх олон нийт, хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгоход энэхүү төслийн үндсэн зорилго оршиж байгаа аж.
Энэ ажлын хүрээнд 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.Төслийн нэгдүгээр шатны үйл ажиллагааны хүрээнд Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө болон биет бус хөрөнгө, шаардлага, эрх (үнэт цаас, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, банк болон санхүүгийн байгууллагуудын дансан дахь хадгаламж)-г хайх, хураах болон худалдан борлуулах, зөрчилдөөний менежмент болон хэлэлцээний ур чадвар, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын эвлэрлийн гэрээ, дотоодын болон гадаад улсын арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудасны гүйцэтгэх ажиллагаа зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж байна.
Сургалтад Молдав улсын шийдвэр гүйцэтгэгчдийн холбооны тэргүүн Роман Талмачи, Итали улсын хуульч, өмгөөлөгч Карло Санторо, ХБНГУ-ын Бавари мужийн шүүхийн академийн захирал асан Вернер Шаллер, МУИС-ийн багш А.Дугармаа, Улсын дээд шүүхийн шүүгч А.Мөнхтуяа, Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Шийдвэр гүйцэтгэх байгууллагын чадавх”-ийг бэхжүүлэх төслийн хуулийн ахлах зөвлөх Т.Алтангэрэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 11 сургагч багш, ХСИС-ийн Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктрант, дэд хурандаа Б.Алтангэрэл нар зайнаас хичээл заах юм.
2015 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх уг сургалтад иргэний болон захиргааны хэргийн 200 гаруй шийдвэр гүйцэтгэгч хамрагдаж байна гэв.